Албаныхны өгсөн мэдээллээр бол нэг сурах бичгийг дээд тал нь 3 жил
хэрэглэх ёстой байдаг байна. Улмаар акталдаг. Гэвч бодит байдал дээрээ
дээрх тогтоосон дүрэм журам хэрэгжиж чадахгүй байгаа юм. Нэг сурах
бичгийг арван жил ч хэрэглэж байгаа сургуулиуд олон байна.
Жил дараалан сурах бичиг шинэчилэн хэвлэж байна гэх иргэдийн шүүмжлэлийг
яамнаас үгүйсгэсэн. Тэд уг тайлбараа сургуулиудын номын санд гурваас
дээш жил хэрэглэгдсэн сурах бичиг нэг ч байхгүй хэмээн баталж байсныг
одоо хүргэе.
Ам ажил хоёр зөрж байгаагийн бодит жишээг боловсролын салбар үлгэрлэн
харуулж байна. Хэрэг дээрээ Ерөнхий боловсролын сургуулиудад гурван жил
байтугай таваас дээш жил хэрэглэгдэж байгаа сурах бичиг тоотой үзэгдэх
болж. Энэ тухай тайлбарыг аль ч сургуулийн номын санчийн амнаас сонсч
болохоор байгаа юм.
Сурах бичгийн хангалтыг сайжруулж байгаа гэх хариултаар ам таглах
албаныхны зүгээс баталсан бас нэг бодлогын хүрээнд хийгдсэн ажил бол
хувилбарт сурах бичгийг халсан явдал.
Гэтэл шинээр хэвлэгдсэн хэрнэ огт хэрэглэгдээгүй удаж байгаа олон
компаний сурах бичгүүдийг тухайн сургууль хэрэглэх ч бай үгүй ч бай
дээд газраас нь сургуулиудад шахаж эхэлжээ. Шахааны сурах бичгүүдээс
сургалтанд огт ашиглагдахааргүй нь ч их байна.
Улмаар сургуулиудын номын санд үхмэл хөрөнгө бий болж байна.
Тухайлбал Монгол бичгийн хичээлийг Ерөнхий боловсролын долдугаар ангиас
эхлэн заах тухай шийдвэрийг Боловсролын яам аль гурван жилийн өмнө
гаргаж байсан. Хачирхалтай нь аль 2005, 2006 онуудад хэвлэгдэж байсан
3-5 ангийн Монгол бичгийн сурах бичгийн үлдэгдлийг хэд хэдэн сургуульд
тараажээ.
Өмнөх баталсан дүрэм журмаа дараагийнхаа шийдвэрээр үгүйсгэж байдаг
дүр зураг боловсролын салбарт нэг бус удаа ажиглагдах боллоо.