Моби тэмүүлэл “Цахим сургалт” төслийн нээлт боллоо 2010-09-01 12:43:48
Улс орныхоо ирээдүй, хойч үеийг бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургууль, багш нарт чиглэсэн боловсролын салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг өгөхүйц нэгэн төслийн нээлт 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн энэ өдөр боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, БСШУЯ болон Мобиком корпорацийн удирдлагууд оролцов.
"Монголын ирээдүй хүүхэд залуусаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ" уриан дор өрнөсөн Моби тэмүүлэл хөтөлбөрийн санаачлагч Мобиком корпораци Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын Хо Ши Миний нэрэмжит, Улсын тэргүүний 14-р сургууль дээр цахим сургалт төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Цахим сургалт төслийн хүрээнд дээрх сургуульд цахим удирдлага хяналт сургалтын программ нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй ширээний болон зөөврийн компьютер, дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өглөө. Ингэснээр багш нар сургалтын болон сургуулийн дотоод үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм.
Төсөл хэрэгжсэнээр сурагчдын дүн, ирцийн мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлэн, багш, сурагч сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болох, сургууль сургалттай холбоотой аливаа судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх, сурагчдын сурлагын амжилттай нь холбон судалгаа хийх, цахим хичээл, цахим шалгалтын сан, номын сан байгуулан цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэх, өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, сургуулийн ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байна.
Төслийн гүйцэтгэгчээр БЗД-ийн Улсын тэргүүний 14, 84-р сургууль, төслийн ажиллагааг Мобинэт ХХК- интернэтээр , Майтеч ХХК-программ хангамжаар дэмжин хамтран ажиллах юм. Төслийн тоног төхөөрөмж, программ хангамжид одоогоор 500 гаруй сая төгрөгийг зарцуулаад байгаа аж. Энэхүү цахим сургалт төсөл нь амжилттай болсон тохиолдолд цаашид орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
· 2006-2007 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгийн их засварыг санхүүэүүлснээр 30 мянган хүүхэд тохь тухтай орчинд сурач боловсорч байна.
· Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн газвар төвийг байгуулснаар тус сургуульд суралцахыг хүссэн хүүхэд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.
· 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр Их дээд сургуульд суралцаж буй 50 оюутанд жил бүр хөнгөлөлттэй зээл олгож байна.