Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ гэдэг шиг манай улсын хувьд авлигын хэрэг өссөн, хэвлэлийн эрх чөлөө багассан хоёр яг тэнцдээд байна. Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал, олон нийт мэдэх эрхээ эдэлж чадахгүй байгаа тийм улс оронд авлига цэцэглэн хөгждөг бол эсрэгээрээ хэвлэлийн эрх  чөлөөг сайтар хангаж, олон нийт нь мэдээлэл сайтай, төр засагтаа хяналт тавьж чаддаг улс орнуудад авлига хамгийн бага, ийм төрлийн гэмт хэрэг бараг гардаггүй байна. Үүний баталгаа нь дэлхийн улс орнуудыг авлига болон хэвлэлийн эрх чөлөөгөөр нь эрэмбэлдэг шалгаруулалтууд юм. 

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс, “Транспрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас гаргадаг олон улсын авлигын индексийг харьцуулан үзэхэд сонирхолтой дүр зураг харагдана.  Юуны өмнө хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийг авч үзье.Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын ус, агаар. Энэ ус, агаар байхгүй бол ардчиллын амьсгал боогдож “амь тавина”. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн улс орнуудаас 60 дугаар байрт эрэмбэлэгдэж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг ангилалд багтаж буй. 2015 онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 54 дүгээр байрт жагссан бол энэ жил ийнхүү зургаан байр ухарсан таагүй үзүүлэлттэй байна.

Мэдэх эрхээ бид “идэх” эрхээр сольчихжээ

Тэгвэл Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 орчим улс орноос 72 дугаарт бичигдээд байна. Энэ бол 2015 оны үзүүлэлт. Учир нь улс орнуудын 2016 оны авлигын индекс хараахан гараагүй байгаа юм. 2014 онд манай улс авлигын индексээрээ 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаад дараа жил нь ийнхүү найман байраар урагшилжээ. Гэхдээ авсан оноо нь хэвээрээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын авлигын төвшин буураагүй гэсэн үг. Гагцхүү манай улсын урд эрэмбэлэгдэж байсан улс орнууд өнгөрсөн жилийн үзүүлэлтээрээ хойш ухарснаар Монгол Улс найман байр урагшилжээ. Юутай ч авлигаараа 72 дугаарт жагсана гэдэг бол сайн үзүүлэлт биш. 60 дугаарт эрэмбэлэгдээд хагас хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэдэг тодорхойлолт зүүгээд байгаатай адилтгах юм бол энэ нь хагас авлигажсан улс гэсэн үг юм.

Мэдэх эрхээ бид “идэх” эрхээр сольчихжээ

Ийнхүү авлига, хэвлэлийн эрх чөлөө хоёр шууд хамааралтай нь харагдаж байна. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бусад улс орнуудын авлигын болон хэвлэлийн эрх чөлөөний индексийг харьцуулаад үзэхэд дээрх дүгнэлт төвөггүй батлагдана. Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн улс орнуудыг жил бүр тэргүүлдэг Финланд, Нидерланд, Норвеги, Дани, Шинэ Зеланд, Швед улсууд авлигын индексээрээ мөн тэргүүлж байна. Харин хэвлэлийн эрх чөлөө хаалттай Судан, Хойт Солонгос, Афганистан, Ирак зэрэг улсууд мөн л авлигын индексээрээ сүүл мушгижээ. Эндээс хэвлэлийн эрх чөлөө өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдал болон цагаан захтнуудын хэрэг гэгддэг авлигын төвшин хоорондоо шууд хамааралтайг харж болно.   

Мэдэх эрхээ бид “идэх” эрхээр сольчихжээ

Монголчууд авлигыг хээл хахууль гэж нэрлэсээр ирсэн. Улсын хөрөнгө, мөнгө “идсэн, уусан” хэрэг социалист нийгмийн үед ч гардаг байсан гэдэг. Тухайн үед манай улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө огт байгаагүй. Хэвлэл мэдээлэл нь коммунист үзэл суртлын зэвсэг байсан. Тийм нийгэмд авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар авах нь мэдээж. Гэтэл социалист, коммунист дэглэмийг халаад 26 жил болж байгаа ч иргэд, олон нийт өөрсдийнхөө элч болгон төрд сонгосон, томилсон хүмүүсийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж, мэдээлэл авч чадахгүй, цензурдсэн, нэг талыг барьсан, эрх баригчдыг магтан дуулсан мэдээллээр тархи угаалгаж байгаагийн нөгөө талд амар хялбараар, хууль бусаар хөрөнгөжиж баяжин, албан тушаал дэвшиж “идэж уух” санаархал дээр цэцэглэдэг авлига гэдэг хорт үзэгдэл нийгэмд маань аюул занал учруулсаар байгаа ажээ. Товчхондоо бол бид мэдэх эрхээ “идэх” эрхээр сольчихжээ.  

Мэдэх эрхээ бид “идэх” эрхээр сольчихжээ