
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. Ирэх сард хэт халалт хэрхэн үргэлжлэх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын дарга Ж.Цогтоос тодрууллаа.
-Нийт нутгаар ирэх сарын эхний хоёр арав хоногт халалт үргэлжилж, олон жилийн дунджаас 1,2-2,0 градусаар давж хална. Харин гуравдугаар арав хоногт баруун зүгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, заримдаа хасах градус болох төлөвтэй байна.
Ялангуяа Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө хоёр градус дулаанаас хасах гурван градус хүрч дулааны хэм огцом буурахаар ажиглагдаж байгаа. Зүүн зүгийн нутагт агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус дулаан байна. Төвийн нутгаар их халалт үргэлжилнэ.
-Юунаас болж хүйтрэх юм бол?
-Энэ нь Өмнөд Сибирээс гаралтай хүйтний урсгал манай орны баруун зүгийн нутгаар дайран өнгөрөхтэй холбоотой өөрчлөлт. Энэ хүйтний урсгал өнгөрсөн өвөл ч манай нутгийг хамарч байсан.
-Ирэх сарын хур борооны хувьд?
-Хур борооны хувьд Баян-Өлгийн хойд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орохоор байна. Харин Ховдын зүүн хойд, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дундаж орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр Хангайн уулархаг нутгаар, дунд үеэр нь нутгийн зарим газраар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын, дуу цахилгаантай бороо орно.
Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Ялангуяа нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-24 метр секундээс давч ширүүсч болзошгүй байна.
Иймд малчид, тариаланч иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Б.Энхмарт